#Нурууны өвдөлт
Нурууны өвдөлт маш түгээмэл тохиолддог зовиуруудын нэг юм. Насанд хүрсэн 10 хүн тутмын 9 нь амьдралынхаа аль нэг үед нурууны өвдөлтийг мэдэрч байсан байдаг бол, жил бүр ажил хийж байгаа 10 хүний 5-ийнх нь нуруу өвддөг ажээ.
Өвдөлт бүдэг, гэнэт хурц илрэх, төөнөх, чимчигнэх байдлаар илэрч; гар, бугуй, гуя, хөл рүү дамжиж болно. Мөн шалтгаанаасаа хамааран гар, хөл суларч, бадайрах зэрэг шинж хавсарч илэрдэг.
Анатомийн байрлалаар нурууны өвдөлтийг:
– Хүзүүний
– Цээжний
– Ууцны
– Ахар сүүлний хэсгийн гэж ангилдаг. Эдгээрээс өвдөлт хамгийн түгээмэл илэрдэг хэсэг нь ууцны хэсэг юм.
Өвдөлт нь булчин, мэдрэл, яс, үе эсвэл нугалмын дотоод бүтэц (нугас)-аас үүдэж болох ба дотор эрхтэн цөс, нойр булчирхай зэргээс нуруу орчмоор өвдөлт үүсэж болно.
Нурууны өвдөлт ихэнхдээ эдийн гаралтай байдаг. Өвөрмөц бус нурууны өвдөлтийг булчин, фасциа, үе холбоосын улмаас үүсэж байна гэж үздэг. Энэ нь ойролцоогоор нурууны өвдөлтийн шалтгаануудын дотор 80%-ийг эзэлдэг ажээ. Тэгвэл бүгдээрээ нурууны булчин, фасциа, үе холбоосын анатомийн талаар авч үзье.
Хүний нуруу нь 33 нугалам яснаас тогтож, тэдгээрийг булчин, үе холбоосууд хооронд нь холбож байдаг. Нуруу нь хэвийн үедээ S-хэлбэрийн физиологийн 3 муруйлттай. Энэ муруйлт нь тэнцвэрийг хадгалах, нурууны нугалмууд чөлөөтэй хөдөлгөх, гадны хүчийг саармагжуулах үүрэгтэй.
Булчин болон зөв байрлал нурууны физиологийн муруйлтыг хэвийн байлгадаг. Зөв байрлал гэдэг нь суух, явах, зогсох, хэвтэх гэх мэт хөдөлгөөн, ачааллын үед нуруунд хамгийн бага ачаалал өгөх байрлалыг хэлнэ.
Нуруунд 2 том бүлэг булчин байдаг нь тэнийлгэгч, нугалагч булчингууд юм. Тэнийлгэгч булчингууд нь нурууны ард байрлаж, босох, юм өргөхөд оролцоно. Харин нугалагч булчингууд нь нугалмын урд талд байрлах хэвлийн булчингууд бөгөөд урагш бөхийх, тонгойход оролцдог. Нурууны булчингууд нь нугалмыг тогтвортой байлгахад оролцоно.
Нурууны өвдөлтийн дийлэнхи нь булчин, фасет үеээс гаралтай өвдөлт байдаг. Ихэнхи нурууны өвдөлт нь өвөрмөц бус буюу рентген, компьютер томографаар өөрчлөлтгүй хэрнээ эмнэлзүйд зовиур илэрдэг.
Тэгвэл фасет үе гэж юу вэ? Фасет үе нь нурууны чөлөөтэй хөдөлгөөнийг хангадаг. Нугалам бүр 4 фасет үетэй (урд хос – дээд фасет, хойд хос – доод фасет). Эдгээр фасет үе нугалмуудыг хооронд нь холбож өгдөг.
Мөн нугалмуудыг хооронд нь холбож, нугалмыг тогтвортой байлгаж, дискийг хамгаалдаг үе холбоосууд бий. Нуруунд 3 гол үе холбоос бий. (Товчилсон нэр ньALL, PLL, ligamentum flavum) ALL, PLL нь нугалмын биеийн дээрээс нь доош хүртэл үргэлжлэх холбоос ба нугалмыг их хэмжээний, өөрийнх нь чадлаас хэтэрсэн хөдөлгөөнөөс хамгаална.
(Нугалам, нугасыг хамгаалсан маш олон физиологийн зохицуулалт байгааг та анзаарсан байх. Бие физиологи маань ийм л гайхалтай шүү дээ. Чухал үүрэгтэй учраас л ингэсэн байж таарна.)
Эдгээр булчин, үе холбоосууд руу шим тэжээл буюу цусан хангамж хөдөлгөөний үед диффузын замаар ордог. Иймээс л удаан хугацаагаар суух, хөдөлгөөнгүй байх үед булчин, үе холбоосын цусан хангамж буурч, өвдөх шалтгаан болдог байна.
Энэ үед ямар арга хэмжээ авах вэ?
– Хурц өвдөлтийн үед хөдөлгөөнийг хязгаарлаж, хэвтрийн дэглэм сахина.
– Өвдөлтийн үед хэсэг газрын өвдөлт намдаах эм, түрхлэг, тос хэрэглэж болно.
– Гэнэт, огцом илэрсэн өвдөлтийн үед эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй.
– Амьдралын идэвхтэй хэв маяг, эрүүл зөв аргаар стресс тайлах зэрэг нь нурууны өвдөлтөөс сэргийлнэ.
Нуруу нь маш олон шалтгаанаар өвддөг. Энэ удаа та бүхэндээ хамгийн түгээмэл тохиолддог булчин, фасциа, үе холбоосын гаралтай өвдөлтийн талаар авч үзлээ.
Хөдөлгөөн, зөв байрлалаар суух, нуруундаа хамгийн бага ачаалал өгөх байдлаар юм өргөх (өргөж буй обьектийг биедээ ойр байрлуулан өргөх) нь нуруугаа хамгаалах хамгийн чухал, энгийн алхамууд билээ.
Монголд холбоо барих:
Утас : +976-7000-9395
И майл : kmicmn2@gmail
web : www.btmedi.com
Хаяг : Монгол улс Улаанбаатар хот 1 дүгээр хороо, Энхтайваны гудамж Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв байр 4 давхар 407тоот
Солонгост холбоо барих:
Утас : +82-(0)31-810-9395
И майл : btmedi@naver.com
Хаяг : 3F, 3006-ho, SK M-city Tower, 195, Baekma-ro, ilsangdong-Gu, Goyung-Si, Republic of Korea, 410-839
댓글 없음:
댓글 쓰기